Thursday, January 24, 2013

ХӨТӨЛБӨР

                                                                         “Авьяас - Хөтөлбөрийн хүрээнд

          Хүүхдийн хөгжил нь оюун санаа, бие бялдар, нийгэмшихүйн үзүүлэлтэд гарч буй ахиц дэвшлээр тодорхойлогддог билээ. Энэхүү ахиц дэвшил нь гэр бүл, сургалтын орчин болон байгалиас өгөгдсөн жам ёсны үйл явцуудаар дэмжигдэн байнга, тасралтгүй явагдаж дараагийн илүү дээд шатанд хүрэх, эсвэл орчноос үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн улмаас тухайн хүүхдийн оюун санаа, бие бялдар, сэтгэц нийгэмшихүйн хөгжилд саатал гарч зогсох, түүнчлэн ёс суртахууны үүднээс авч үзвэл хөгжлийн буруу чиг хандлага төлөвших зэрэг байдлаар илэрч болно.
          Тиймээс хүүхдийн жам ёсны хэвийн хөгжлийг хангаад зогсохгүй оюун санаа, бие бялдар, сэтгэц нийгэмшихүйг эрчимтэй, тасралтгүй, хүнлэг чиг хандлагаар хөгжилд хөтлөх нь нийгэм, гэр бүл, боловсролын байгууллагын зорилго юм.   Тэгвэл хүүхдийг эрчимтэй, тасралтгүй, хүнлэг хандлагаар хөгжүүлэх үндсэн нөхцөл, шилдэг арга бол хүүхэд бүрт заяагдмал байгаа авьяаст нь тулгуурлаж хөгжүүлэх явдал билээ.
          Хүүхдийн авьяасыг нээн илрүүрэх ба хөгжүүлэх асуудал нь түүний эсэн мэнд амьдрах, бүрэн дүүрэн хөгжих, хамгаалуулах эрхүүдтэй холбоотой.
          Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хүн” гуравдугаар бүлэгт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх” арга хэмжээнүүдийг тусгасан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд БШУ-ны сайдын тушаалаар “Авьяас” хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхлээд байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг боловсруулан, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхэд хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгоход оршино. 
ХАМРАХ ХҮРЭЭ
·         Ерөнхий боловсролын сургуулийн сурагч
·         Багш, сурган хүмүүжүүлэгч
·         Эцэг эхчүүд
·         Иргэд
·         Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
·         Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүйг боловсруулах зорилгоор судалгаа хийх;
·         Оновчтой туршлагыг харуулсан теле хичээл, гарын авлага, зөвлөмж боловсруулах, түгээх.
·         Багш сурган хүмүүжүүлэгч, олны танил алдартай хүмүүс, авьяаслаг иргэдээр удирдуулсан дугуйлан, секц, клубыг нийслэл орон нутгийн ерөнхий боловсролын бүх сургуулийг түшиглэн хичээллүүлэх;
·         Авьяасаа нээн хөгжүүлж, амжилтад хүрсэн хүмүүсийн намтар, уран бүтээлээр баримтат уран сайхны нэвтрүүлэг бэлтгэх, уулзалт зохион байгуулах;
·         Сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох сайт нээж ажиллуулах;
·         Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах
·         Ерөнхий боловсролын сургуулиудад урлаг, спорт болон бусад төрлийн дугуйлан, секц хичээллүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэх;
·         Ерөнхий боловсролын суралцагч, хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор секц, дугуйлан хичээллүүлсэн багш, иргэнд сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан шалгуур үзүүлэлтүүд, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн бодит үр дүнг үндэслэн улирал тутам урамшуулал олгох.
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ, ХУГАЦАА
Энэхүү хөтөлбөр нь 2012-2013 онд дараах 3 үе шаттай хэрэгжинэ.  Үүнд:
1.    Үндэсний хэмжээнд бүх хүүхдийн авъяасыг нээж илрүүлэх зорилготой судалгаа хийгдэх үе: 2012 оны 10 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар
2.    Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх дугуйлан, секц, зайны болон танхим, шавь хэлбэрийн сургалт, клубын үйл ажиллагааг зохион байгуулах үе: 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар
3.    Хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан бүтээл туурвих үе: 2013 оны 2 дугаар сараас 4 дугаар сар
4.    Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах үе: 2013 оны 5-6 дугаар сар / Сургууль бүр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнгээ эцэг эхчүүдэд тайлагнах,  бүсийн наадам зохиох, бүсээс шалгарсан хүүхдүүдийн урлагийн  наадмыг аймагт зохион байгуулна /
ХҮРЭХ ҮР ДҮН
·         Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх замаар сурлагын амжилтыг нь ахиулах арга зүйг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид эзэмшсэн байна.
·         Төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны загвар  бий болсон байна.
·         Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секц хичээллүүлэх нөхцөл сайжирсан байна.
·         Авъяас чадварыг дээдлэн хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийн тулгуур болгох хандлага өсвөр үеийнхэн, гэр бүл, сургалтын байгууллага,  иргэд, нийгмийн сэтгэл зүйд бий болсон байна.
Огт авьяасгүй хүн гэж байдаггүй учраас  хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлж, хөгжих боломжийг бүрдүүлэх нь эхний  чухал алхам юм. Тэгвэл хүүхдийн авьяас чадамжийг нээгээд орхих биш, түүнийг нь хөгжүүлэхдээ тэдний өөрсдийн оролцоо, идэвхийг дээдлэх хандлагыг барьж байгаа билээ. Мөн танин мэдэхүйн таашаал баясал , сэдэл тэмүүлэлийг хүүхдэд төрүүлэхэд багш эцэг эхийн үүрэг нэн чухал гэдгийг онцлон авч үзлээ. Эрсэн хүн олдог гэдэг. Та хүүхдийнхээ авьяасыг эрээд үз . Заавал олно шүү дээ.
Тэгвэл авьяас гэж юу вэ? Онолын үүднээс авьяас гэдэг ойлголтыг олон янзаар тодорхойлж болох билээ. Хамгийн энгийнээр хэлбэл хүүхдийн хийж байгаа аливаа үйл ажиллагааны явцад илэрч ажиглагдаж байгаа онцлогуудын нэг нь авьяас юм.
Энэ онцлог нь тухайн төрлийн үйл ажиллагааг амжилттай эзэмшихэд нөлөөлж өгдгөөрөө бусад онцлогоос ялгаатай. Мэдлэг чадвар, дадлыг хэр зэрэг түргэн, хялбар атлаа гүн бат эзэмшиж байна вэ? гэдэг нь авьяастай холбоотой. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд орчин, сургалт чухал үүрэгтэй. Жишээ нь, юмыг хийсвэрлэн сэтгэх, дотоод утга учрыг ойлгох чадвар сайтай, математикийн хичээлд авьяастай хүүхэд байж болно. Хүүхэд энэ  авьяасаа тордож хөгжүүлж ихээхэн хүч чармайлт гаргаж шаргуу ажиллахгүй бол  зохих үр дүнд хүрч чадахгүй.  “Авьяас 1%, үлдсэн 99 % нь хүний зүтгэл, чармайлтын үр дүн” гэж ярьдгийг анхаарах нь чухал юм. Та бүхэнд амжилт хүсье.

No comments:

Post a Comment

Ñýòãýãäýëýý ¿ëäýýíý ¿¿

Танд манай блог таалагдаж байна уу?